top of page
Сурагч болох бэлтгэл

Сурагч болох бэлтгэл

ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ? 

 

Есдүгээр сарын нэгэнд шинэ ангидаа ороод уйлж буй нэгдүгээр ангийн сурагчийн дүрс бүх телевизийн мэдээгээр гарч, томчууд өхөөрдөж зарим нь бүр шоолох нь халаг байдаг. Энэ өдөр хүүхэд угаасаа уйлдаг гэх буруу ойлголтдоо эцэг эх, багш бүгд дасчихжээ.

 

Яг үнэндээ хүүхдүүд сургуульд ороод уйлж байгаа нь гэрт болон цэцэрлэгт байх хугацаанд нь тэднийг сургуульд хандуулж хангалттай бэлдээгүйн илрэл. Мэдээж уйлдаг хүүхэд олонх бус, тухайн хүүхдийн зан чанар, онцлог ч нөлөөлнө.

 

Монголд цэцэрлэгийн таван настнуудын ангийг “Бэлтгэл бүлэг” гэж нэрлэдэг. Энэ нэршил сурагч болох бэлтгэл таван настайгаас эхэлдэг гэх ойлголтыг багш, эцэг эхэд суулгаж байдаг. Угтаа сурагч болох бэлтгэл цэцэрлэгийн бага бүлгээс явагдах учиртай. Гэвч хүүхдийг сургуульд бэлдэх талаар монгол хэлээр бичигдсэн ном, материал ховор. Тиймээс бид Япон улсад цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйн ном дагнан хэвлэдэг CHILD группийн энэхүү гарын авлагыг орчуулан хүргэж байна.

 

Япон улс болон боловсролын чанараар тэргүүлэгч бусад оронд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт цэцэрлэг сургуулийн уялдаа холбоог чухалчлан авч үзэж, хүүхэд сургуулийн өмнөх насандаа юу сурсан байх, сургуульд орохдоо ямар чадварууд эзэмшсэн байх хэрэгтэй талаар тодорхойлсон байдаг. Энэ нь нэг талаар 1-р ангид элсэгчийн жишгийг тодорхойлж буй хэрэг. Мэдээж хүүхэд бүрийн хөгжлийг үүнд нийцүүлэх гэж хүчлэх ёсгүй. Хүүхдийн сургуульд ортлоо хийж буй үйл, тоглоом наадгайн агуулгыг сургуульд элсээд сайн суралцахад л чиглүүлэн зохион байгуулна гэж ойлгох нь өрөөсгөл юм. Гэхдээ сургуульд орох хүртлээ эзэмшсэн дадал хэвшил, хандлага, төрөл бүрийн чадвар нь бага сургуулийн өдөр тутмын амьдрал, суралцахуйн суурь болдог нь маргаангүй юм.

 

Энэхүү ном дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд оршил бүлэгт цэцэрлэг, бага сургуулийн ялгааг тодорхойлж, хүүхдийг цэцэрлэгийн насанд нь хэрхэн өсгөж хөгжүүлэх хэрэгтэй талаар тоймлов.

1, 2-р бүлэгт сурагч болох бэлтгэлийн хоёр багана болох “Суралцахуйн суурь хандлага”, “Суралцахуйн суурь болох чадвар”-ыг тодорхойлж, бодит жишээгээр тайлбарлалаа.

3-р бүлэгт хүүхдийг сургуульд бэлдэхэд багш ямар хандлагатай оролцох талаар, 4-р бүлэгт хүүхдийг сургуульд бэлдэх чухал даалгавартаа цэцэрлэгийн эрхлэгч, удирдлагын байр сууринаас хэрхэн хандах нь зүйтэй талаар бичив. Ном бүхэлдээ практик жишээгээр баялаг тул дотоод сургалтын гарын авлага байдлаар ашиглах боломжтой.

 

Энэ ном зөвхөн цэцэрлэгийн багш, удирдлага бус бага насны хүүхэдтэй эцэг эхэд ч тун хэрэгтэй удирдамж болох нь гарцаагүй. Эндээс аль аль тал нь тухайн цэцэрлэгийн сургалт хэр чанартай явагдаж, ямар хүүхэд өсөж торниж байгааг дахин нэг дүгнэж, хамтран ажиллах шаардлагатайгаа улам ухамсарлах биз ээ. 

 

Эрхлэн гаргасан: Бяцхан Монгол Эдүкэйшн

  • ISBN: 978-99199-5-723-0
  • Хавтас: Зөөлөн
  • Хэвлэгдсэн он: 2020
  • Хуудас: 112
  • Хэмжээ: 250*205мм
  • Жин: 334
  • Үлдэгдэл: Байгаа 
bottom of page