20 жилийн хугацаанд ахлах сургуулиас эхлэн, бага, дунд сургууль, коллеж, дээд сургууль цэцэрлэг гээд бүх шатны боловсролын цогц институт болох “ Шинэ монгол эрдмийн хүрээлэн”-г босгож чадсаны нууц юу вэ гэвэл Галаа багш ердөө мөрөөдлөө сэтгэлдээ тээж, нүдэндээ харж, бусадтай хуваалцаж байсан явдал юм. Тиймээс Ж.Галбадрах багшийг “Мөрөөдлийг бадраагч” хэмээн тодотгож байна.
Шинэ Монгол Эрдэмийн Хүрээлэнгийн Үүсгэн байгуулагч,
Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга Ж.ГАЛБАДРАХ
Түүх ингэж эхэлжээ ...
Төв аймийн сургуулиас ажлын гараагаа эхэлсэн жирийн нэг физикийн багш залуу дээд сургуульд багшилж, боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан цогцолбор сургуулийн дэд захирал гээд боловсролын бүх шатанд ажиллаж байгаад Японд мэргэжил дээшлүүлэх 5 багшийн нэгээр шалгарсан нь түүний амьдралыг өөрчилсөн юм. Тэрээр өндөр хөгжилтэй орны хөгжлийн нууцаас нь суралцаад,түүнийгээ монголдоо нэвтрүүлж, эх орондоо хувь нэмрээ оруулах болно гэсэн хүслийг тээсээр арлын орныг зорьжээ. Мэргэжил дээшлүүлэхээр суралцах явцдаа тэрхүү хөгжлийн нууц нь боловсролын системдээ байгааг харж, илүү ихийг сурч мэдэх хэрэгтэйг 30 гаруй насандаа өөрийн мэдэрсэн, судалсан бүхнээ монголын хөрсөнд буулгах юмсан гэсэн нууцхан мөрөөдлийг тээн, харь оронд сурахын зэрэгцээ ар гэрээ тэжээх гэж хамаг чадлаараа зүтгэжээ. Энэ хүнд хэцүү үед нь “ Чиний мөрөөдөл” сэдэвт зохион бичлэгийн уралдааны зарыг Япон хэлний багш нь дуулгаж, оролцохыг ятгаснаар мөрөөдөл нь биелэх анхны алхам тавигдсан аж.
Боловсролтой хүн хөгжлийн тулгуур учраас маш сайн боловсрол олгох сургуулийг Монголдоо очоод байгуулах болно хэмээн мөрөөдлөө бичээд явуулахад тэрхүү зохион бичлэг нь шилдгүүдийн нэг болон шалгарч, шагналаа аваад зогсож байх тэр мөчдөө “Бичсэн мөрөөдөлдөө заавал хүрнэ “хэмээн өөрөө өөртөө амласан гэдэг. Тэр өдрөөс хойш 3 жилийн дараа бодол мөрөөдлийн сургууль нь нээлтээ хийсэн байна.
35 насны мөрөөдөл нь ЕБС байгуулах байсан бол 50 насны мөрөөдөл нь ирээдүйд улс орныг хөгжүүлэх инженерүүдийг бэлтгэх технологийн коллеж, дээд сургууль байгуулах байлаа. Өөрийн чин зүтгэлийн хүчээр болон олон хүмүүсийн дэмээр түүний бүх мөрөөдөл цаг тухай бүртээ биелэлээ олж, бодит болсон.
Тиймээс ч тэр хүн болгоныг мөрөөдөлтэй байгаасай гэж хүсдэг төдийгүй олон арван шавь нарынхаа мөрөөдлийг нь асуун ярилцдаг “Мөрөөдлийн галыг бадраагч” болсон юм.
2014 оны цагаан сар ...
Шинэ Монголын 10 гаран залуус золгохоор очсон аж. Хол, ойрын сонин хачинг ярилцах зуур Галаа багш уламжлал ёсоороо шавь нарынхаа мөрөөдлийг асууж суув. Уулзах болгондоо мөрөөдлийн өртэй мэт байдаг шавь нар нь нэг нэгээрээ бодож байгаагаа ярьж гэнэ. Тэдний дунд “Шинэ монгол дугуйланг” үүсгэн байгуулагч Хишгээ, Зулаа хоёр бас иржээ. Тэд цэцэрлэг байгуулмаар байгаагаа, ам уралдан ярьжээ. Багшийнхаа байгуулсан эрдмийн хүрээлэнд зөвхөн цэцэрлэг дутуу байгааг ч бас хэлээд авч. Зулаа японд байхдаа цэцэрлэг судалж, хүүхдээ өгч байсан тухайгаа, Хишгээ монголынхоо цэцэрлэгийг судалсан тухайгаа ярихыг нь сонсоод “Чиний мөрөөдөл бол миний мөрөөдөл” хэмээн хэлэх дуртай үгээ хэлэн мөрөөдлийг нь дэмжхээ амлажээ.
Мөрөөдлөө ярих нэг хэрэг. Харин мөрөөдлөө ажил болгох нь ярихаас өөр байдгийг өөрийн биеэрээ мэдэрсэн Галаа багш хоёр шавийнхаа ам, ажил нь хир нийцэхийг харах гэж Ротари клубынхээ хэрэгжүүлэх гэж байсан гэр цэцэрлэгийн төсөл дээр ажиллуулж туршихаар шийджээ. Японы болон монголын цэцэрлэгүүдийг судалж, хийх гэж буй зүйлсээ нүдэндээ харсан байсан мань хоёр Гэр цэцэрлэгийн төсөл дээр чамбай сайхан ажилласан бөгөөд өөрсдийнхөө цэцэрлэгийн төслийг ч бас давхар боловсруулсаар байжээ.
Ер нь Галаа багш бусдаас мөрөөдөл нэхээд зогсохгүй ам, ажил хоёр нь зөрдөггүй, хичээнгүй нэгний мөрөөдлийг өөрийн чадахаар дэмждэг төдийгүй түүний дэмжлэгээр услагдсан мөрөөдөл олон байдаг ажээ. Ийнхүү “Бяцхан монгол” цэцэрлэгийн тулгын чулууг тавьж, галыг бадраасан Галаа багштай хэдхэн хором ярилцсанаа хүргэе.
Сур: Таныг би “Мөрөөдлийн галыг бадраагч” хэмээн нэрлэсэн. Учир нь та дандаа бусдаас мөрөөдлийг нь асууж, ярилцан, дэмждэг төдийгүй үйл хөдлөл, үг яригаараа мөрөөдөлтэй байх эрмэлзлийг төрүүлдэг шүү дээ. Анх “Амжилт” нэвтрүүлэгт оролцож байхдаа 30,40 насныхаа мөрөөдлийг хэрхэн биелүүлснээ, 50 насандаа юу мөрөөдөж байгаагаа сэтгэл хөдлөн ярьж байсныг тань маш тод санаж байна. Гэхдээ тэр яриан дунд цэцэрлэгийн тухай огт яригдаагүй санагдаж байна. Ер нь таны мөрөөдлийн мухарт цэцэрлэг байгуулах бодол байсан уу ?
Ж.Г: Аливаа зүйлийн тохироо бүрдэнэ гэдэг их сонин. Анх ахлах сургуулиа байгуулж, дараа нь ЕБС болгон өргөжүүлж, хэдэн жил болсны дараа Шинэ Монгол технологийн коллеж, технологийн дээд сургууль байгуулна гэж бодсон. Энэ бүхэн биелсэний дараа харахад бага, дунд, ахлах, дээд гээд бүх шатны сургуультай болсон байсан. Тэгээд 2014 онд “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” боловсролын цогц институц болгон өргөжүүлэхээр төлөвлөж байсан тэр үеэр шавь нар маань цагаан сараар ирж золгоход 1-р үеийн төгсөгч Зулаа, Хишгээ 2 маань цэцэрлэг байгуулмаар байгаа тухай мөрөөдлөө ярьж, би ч тэдний санааг дэмжихээ амлаж, эхлээд та 2 төрчихөөд ир гэж хэлснээ санаж байна. Тэр 2 маань хоёулаа жирэмсэн байсан юм. Яг үнэндээ намайг японд хүүхдүүдээ аваад очиход бүгд сургуульд орчихсон байсан учраас бага, дунд, ахлах сургуулийг бодитоор судлах боломжтой байснаас биш цэцэрлэг судлаагүй л дээ. Харин 2 шавь маань Японд байх хугацаандаа анхны хүүхдүүдээ төрүүлчихсэн, японы цэцэрлэгт хүүхдээ багаас нь явуулаад, судалчихсан байсан.
Сур: Мэдээж мөрөөдлөө ярьж ирсэн шавь болгоныхоо мөрөөдлийг тэтгэх боломжгүй байх л даа. Гэхдээ анхны төгсөлтийн 2 шавиа маш сайн мэддэг, маш их итгэдэг учраас цагаан сарын ууцны 2 талд болсон яриа хурдан ажил хэрэг болсон болов уу?
Ж.Г: Үнэхээр анхны элсэгчид, анхны төгсөгчид маань овог нэртэйгээ сэтгэлд тод байдаг . Энхтайваны Зулгэрэл, Дамчаагийн Хишгээ гээд л. Тэдэнд итгэх итгэл сургуульд орсон цагаас нь л тавигдсан. 2000 онд барилга нь баригдаж дуусаагүй, хичээл нь цагтаа эхлээгүй сургуульд итгэж хүүхдээ оруулсан эцэг эхчүүдэд, анхны элсэгчиддээ үнэхээр их баярладаг. Хичээл эхлээд удаагүй байхад л Зулгэрэл маань өөрийгөө маш сайн илэрхийлдэг, хэний ч өмнө санасан бодсоноо хэлчихдэг, мэтгэлцээний клубт явдаг, эрч хүчтэй нэгэн болох нь харагдаж байсан.
Хишгээгийн хувьд даруухан мөртлөө аливаад буурьтай суурьтай, чин сэтгэлээсээ ханддаг нь ахлах сургуулийн 2-р ангид байхдаа нийгэмд тустай ажлыг санаачилж хийснээс нь харахад л тодорхой байсан.
Энэ хоёр маань бие биенийхээ зан чанарыг таньсан, бие биенээ нөхсөн сайн хамтрагч гэдгээ “Шинэ монгол” дугуйланг үүсгэн байгуулж, төсөл хэрэгжүүлж, нийгэмд тустай үйл хийж байснаараа харуулсан л даа. Бүр тэр байтугай хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн дугуйлангийнхаа сурагчидаас сургуульдаа сургамаар байна гэсэн хүсэлт тавьж, тэр цагаас хойш одоо болтол “Өнөр бүл” төвөөс ахлах ангид 1-2 хүүхдийг жил бүр элсүүлж, үнэ төлбөргүй сургаж байгаа. Сургууль төгссөн хойноо ч шавь нар маань байнга холбоотой байсан. Ажилд орлоо, ээж боллоо гээд л баярласан догдолсон мэдрэмжээ хуваалцан ярьдаг юм.
Хишгээ японоос ирээд удаагүй байхдаа ажилд орчихлоо багшаа гэж догдлон ярьж байсан нь санаанаас гардагүй юм. За баяр хүргэе. Ямар ажилд орсон бэ? гэж асуухад Хайлаастад байдаг “Хүүхэд хөгжлийн төв”-д орсон гэдгийг нь сонсоод хүүхдийн төлөө, бусдын төлөө гэсэн чин сэтгэлийг нь илүү их мэдэрч байсан. Хожим тэрхүү хүүхэд хөгжлийн төвийг нь цэвэр устай болгож төслийг нь Ротари клубээрээ дэмжиж байлаа.
Ер нь мөрөөдлөө яриад, төсөл болгоод ирсэн, цаанаа л нэг юм хийх гэсэн эрч хүч нь ундарсан нэгнийг аль болохоор дэмжихийг хичээдэг. Намайг яг л тэгж явахад Япон хүмүүс урмаар, үйлдлээр дэмжээд мөрөөдөл рүү минь түлхчихсэн шүү дээ. Тийм болохоор цэцэрлэг байгуулж өгөх хэмжээнд хүртэл биш ч гэсэн үгээр дэмжинэ, зээл авахад нь дэмжинэ, ажилд зуучилж өгөх, хэрэг болох хүмүүстэй нь танилцуулж холбож өгөх гээд өөрийн чадах зүйлээрээ дэмждэг дээ.
Сур: Таниар дэмжигдэж, услагдсан ямар мөрөөдлүүд байна. Тэдгээрээс хуваалцвал:
Ж.Г: Манай 5-р үеийн төгсөгч залуу оллоо.мн гэдэг шиг мэдлээ.мн гээд өөрийн сайтаа гаргах гээд төслөө ирж танилцуулж байсныг нь гарааны мөнгөөр нь дэмжиж байлаа, барилгын инженжерээр суралцаж байсан манай 5-6 төгсөгч 2-р курсдээ барилгын компани байгуулаад ирэхэд анхны ажлыг нь гэрээлж хийлгүүлж байлаа. Анхны төгсөгч маань Харвардад сурах болоход Хүрээ Ротари клубын гишүүдийн хамтаар тэтгэлэг олгож байлаа гээд олон зүйлийг дурьдаж болно.
Хамгийн гол нь их олон хүмүүсийн тус дэмээр өнөөдрийн би бүтсэн болохоор бусдын сэтгэлийн галыг нь асааж, урам зоригийг нь бадраахыг хүсдэг.
Сур: Анх ахлах сургуулиа байгуулахад ямар хэцүү байсныг та өөрийн номондоо ч бичсэн байсан, Амжилт нэвтрүүлэгт орох үедээ ч ярьж байсан. Цэцэрлэг байгуулах үйл явц хэрхэн өрнөсөн бэ?
Ж.Г: Тэр үед дээд сургуулийнхаа барилгыг дуусгаад удаагүй байсан болохоор хөрөнгө оруулалтын тал дээр цэцэрлэгийн барилга бариад эхлэх боломжгүй байсан. Шууд л одоо цэцэрлэгээ нээе гэхээсээ илүү нэг талаасаа нөгөө хоёроо турших гэж, нөгөө талаасаа туршлага суулгах гэж Ротари клуб гэр цэцэрлэгийн төсөл дээр ажиллуулсан. Манай 2 амаржаад удаагүй байсан хирнээ энэ төслөө амжилттай хэрэгжүүлээд дараа нь өөрсдөө төсөл бичиж, японы “Соропүтимист-Аважи” ОУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын ойн баяраа тохиолдуулан зарласан төсөлд шалгарсан байсан. Ингээд л цаашаа цэцэрлэгийн түрээсийн байраа олох, засах, зөвшөөрөл авах, багш нараа бүрдүүлэх гээд ажил өрнөсөн дөө.
Сур: “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-гийн ажил болон Шинэ Монголын менежментийг бусад сургуульд, орон нутагт түгээх ажил гээд их завгүй байгаа гэсэн. Одоо цэцэрлэгийн үйл ажиллагаандаа хир оролцоотой байгаа вэ?
Ж.Г: Өвлийн өвгөний л үүрэг гүйцэтгэж байгаа даа \Инээв\ . Багш нарын баяраар, шинэ жилээр, цэцэрлэгийн төгсөлтөөр бэлэг гардуулах гэж л ирдэг.
Цэцэрлэг маань одоо 2 ч салбартай болчихлоо, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн, агуулга хөтөлбөр нь бүгд тодорхой болчихсон болохоор Зулаа Хишгээ хоёртоо хүн хэрхэн удирдах, сайн менежер байх талаас нь хэлж, ярьж, менежментийн тал дээр чиглүүлж, алсын хараа, үнэт зүйлсдээ чиглэсэн зарааны концепцоор явахыг зөвлөдөг. Гурвуулаа уулзаад, зөвлөж чиглүүлэх энэ яриагаа ВИП сургалт ч гэдэг. Мөн цэцэрлэгийн багш, эрхлэгч нартаа Шинэ Монголын үнэт зүйл, үзэл санааг түгээх, багш хүн ямар байх талаар сургалт явуулж, яриа хийх мэтээр оролцож байгаа даа.
Сур: Та аль хэдийн өвөө болчихсон. Зээ нар нь “Бяцхан Монгол”-д явж байгаа юу?
Ж.Г: Нэг зээ маань төгсчихсөн, одоо бол гурав нь явж байгаа.
Сур: Тэднээсээ юуг олж харж байна.
Ж.Г: Гэртээ сахилгагүйтээд гүйдэг нэг зээ маань цэцэрлэгт явсан эхний өдрөө дуу сураад ирснийг санаж байна. Ер нь цэцэрлэгийн багш нар маань хүүхдүүдтэй тэдний харааны түвшинд харьцаж, хүндэтгэж, үгийг нь сайн сонсдог учраас хүүхэд их нээлттэй болдог юм билээ.
Сур: Яагаад ингэж асуусан бэ гэхээр дээрээс нь харах, дэргэдээс нь харах 2 нэг байснаар хийж буй ажлын үр дүн бодит байж чаддаг. Та бодлогын түвшинд , аргазүйн хүрээнд цэцэрлэгийг ажилд оролцоод явдаг бол тэр бүх зүйл цэцэрлэгийн хөрсөнд хир бууж, хэрэгжиж байгааг хүүхдүүдийнхээ хүмүүжлээс олж харж байгаа юу?
Ж.Г: Өө яг тэгж хардаг ш дээ. Зээ нараасаа цэцэрлэгээсээ юу сурсан, юу мэдсэн тухай асууна. Зурсан зургийг нь харж ярилцана. Ээжүүдээс нь зээ нарынхаа тухай, цэцэрлэгт ямар байгааг нь асууна. Хүүхдүүдээ асуугаад байгаа мэт боловч цаагуураа цэцэрлэгийн үйл ажиллагааг тандаад байгаа нь тэр \инээв\.
Нөгөө талаас цэцэрлэгийн үйл ажиллагааг ямархуу байгааг илтгэх нэг шалгуур нь “Шинэ Монгол” сургуульд шалгалтаа өгөөд тэнцээд орсон хүүхдүүд байдаг. Манай цэцэрлэгийн хүүхдүүд бусад хүүхдүүдийн адил өндөр нууцлал бүхий шалгалтыг өгөөд л ордог байгаа. Сургуулийнхаа бага ангийн багш нараас асуухад “Бяцхан монгол”-ын төгсөгчид мэндлэх хүндлэх ёсоо мэддэг, өөрийгөө илэрхийлэхдээ сайн гээд үнэхээр ам сайтай байдаг. Төгсөгчидөөр нь тухайн сургуулийг дүгнэдэг гэдэг дээ. Дээд сургуулийн багш нараасаа би “Шинэ Монгол” төгссөн шавь нараа асуухад ч бие даасан, хариуцлагатай гэж хэлдэг. Яг тэрэн шиг цэцэрлэгийн үйл ажиллагааны үр дүн, сургуулийн өмнөх боловсролыг эзэмшсэн бяцхан төгсөгчид маань илэрхийлдэг
Сур: Одоо таны зорьж, тэмүүлж байгаа зүйл юу вэ?
Ж.Г: Өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн бүх зүйл маань бүтээх, хийх, байгуулах боловсруулах үйл явц байсан. Харин одоо бол туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Хүн нь хөгжиж байж улс орон хөгждөг. Хүний хөгжил тухайн орны боловсролын системтэй салшгүй холбоотой. Тэгвэл тэр сайн боловсролтой хүн болох, хүн шиг хүн байх эсэх нь төрснийх дараах жилүүдэд буюу цэцэрлэгийн насанд тавигддаг болохоор цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, менежмент сайн байх нь нэн чухал. Өнгөрсөн жил “Шинэ Монгол” сургуулийн маань 20 жилийн ой боллоо. 20 жилийн дараа эргээд харахад “Шинэ Монгол” сургууль юугаараа өөр вэ? Бидэнд бусдад түгээх туршлага байна уу? гээд бодсон чинь зөндөө байсан. Тэр туршлага, нөүхау маань төрийн өмчийн “ЕБС-ын менежментийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” гэсэн төсөл болоод орон нутагт хэрэгжиж байгаа. Яг үүн шиг 5 жилийн дараа 10 жилийн дараа “Бяцхан монгол” цэцэрлэг маань хөтөлбөр, аргазүй, менежментээ бусдад түгээсэн жишиг цэцэрлэг болно гэдэгт итгэж байгаа.
Сур: Их ажлынхаа хажуугаар зав гарган ярилцсанд баярлалаа.
Comments