Шинэ цэцэрлэгээ нээн баяр хөөр болж байсан мөч саяхан мэт санагдавч хэдийнэ таван жил өнгөрчээ. Хувь тохиолоор учирсан сайхан хүмүүсийн тухай өгүүлэх, дурсамж бичих завшаан тохиолдож буйд туйлын их баяртай байна. Та бүхэндээ БЯЦХАН МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГ байгуулагдсаны 5 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.!
ЦЭЦЭРЛЭГ байгуулан дотоод итгэл үнэмшилээр удирдаж үзэхсэн гэсэн миний мөрөөдөл 2015 оны хавар гуравдугаар сард цэцэрлэгийнхээ үүсгэн байгуулагч нартай танилцсанаар биелэлээ олсон юм. Цэцэрлэгийнхээ бичиг баримтыг эмхлэн бүрдүүлж, тусгай зөвшөөрлөө хөөцөлдөх, сургалтын байраа засварлах, тохижуулах, тоног төхөөрөмж, тоглоом наадгай сургалтын хэрэглэгдэхүүнээ сонгох, хамгийн гол нь боловсон хүчнээ сонгон шалгаруулах гэх мэт олон ажлыг ар араас нь гялалзтал амжуулцгааж билээ. “Багш аа! Сайн багш олдоосой” гээд бодоод, зүүдэлтлээ хүсдэг хэмээн Э.Зулгэрэл захирлын хэлдэг байсан үгс одоо ч чихэнд сонсогдож байна шүү.
Д.Хишгээ захирал хууль дүрэм, тогтоол шийдвэрт нийцүүлэн байгуулалгын цаашид мөрдөж ажиллах бүх бичиг баримтийг эмхлэн цэгцэлдэг. Э.Зулгэрэл захирал гадаад харилцааг хариуцахын зэрэгцээ эцэг эхчүүдтэй харилцах бүхий л уулзалт хүүхдийн бүртгэлийн ажлыг хийдэг. Харин миний бие цэцэрлэгийнхээ дотоод ажлууд багш ажилтанаа бүрдүүлэх, сургах,үзэл баримтлал, ажлын онцлог зэргээ ойлгуулж, цаашид хүн бүрийг ажлын байрандаа хэрхэн ажиллах зэргийг чиглүүлдэг байв. Бидний ажлыг ерөнхийд нь удирдан чиглүүлж, санхүүг шийдэж урагшлах замыг маань засаж, айдасгүй амар тайван, итгэлтэй ажиллах боломжийг бүрдүүлэгч Ж.Галбадрах багшийгаа дурдахгүй байхын аргагүй. Багш маань ажилчдаа тэгш эрх, тэгш хариуцлагатай, бие биенээ хайрлаж хүндэлдэг, чин сэтгэлээсээ, эзний ёсоор ажилдаа ханддаг болгож төлөвшүүлсэн юм.
Гурван бүлэгтэй, дуу хөгжмийн багш болон долоон багштай, хоёр тогооч, нягтлан гурван үүсгэн байгуулагчтайгаа эхэлсэн Бяцхан Монгол цэцэрлэг маань одоо хэдийнэ хоёр том цэцэрлэг 40 гаруй багш ажилтантай нэр хүндтэй цэцэрлэг болжээ. Энэхүү дурсамжинд зүй ёсоор бичигдэх нэгэн бол хамтын ажиллагаатай Япон улсын Нацумидай цэцэрлэгийн хамт олон. Өгөөмөр сайхан сэтгэлтэй япон хүмүүсийн дэмжлэг туслалцаа, бусдын төлөө гэсэн сэтгэл зүрхийг биширдэг.
2016 оны долдугаар сард Э.Зулгэрэл захиралтайгаа хамт 15 хоног японд аялж, Нацумидай болон бусад таван цэцэрлэгийн туршлага судалсан. Нацумидай цэцэрлэгт гурван бүтэн өдөр ажиллахдаа гурван жил суралцаад олж аваагүй мэдлэг туршлага, хүүхэдтэй ажиллах арга барил, үнэ цэнийг ойлгосон юм. Анхны юм бүхэн хөгжилтэй, дурсамжтай, адал явдалтай байлаа.Энэхүү дурсамжийг бичиж байхдаа өөрийн амьдралын нэг хэсгийг гэрэлтүүлсэн он жилүүдээ хайрлан олон сайхан танилууд, олон сайхан дотно хүмүүстэй учруулсан БЯЦХАН МОНГОЛОО бахдан тэвэрч байна.
Нас залуу Зулаа, Хишгээ хоёр захирал маань орчин үеийн боловсролын чиг хандлага, хүн хоорондын харилцааны нандин чадваруудыг надад ойлгуулж мэдрүүлсэн.Бусдад туслах,талархах сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаж, өрөөлд аз жаргал бэлэглэн, өөрийн аз жаргалыг дархалж яваарай БЯЦХАН МОНГОЛЫНХОН минь.
Бяцхан Монгол цэцэрлэгийн анхны эрхлэгч: Т.Алтантуяа
Comments