Хөдөөнөөс Улаанбаатарт шилжин ирээд ажил хайн зар шүүж суутал “Бяцхан монгол” цэцэрлэгт багш ажилд авна гэсэн зарыг хараад нэр нь ямар гоё юм бэ? гэж бодон уулзахаар очсон.
Цэцэрлэг рүү ортол нэг л таатай,тухтай мэдрэмж авч, гутлаа сольж улавч өмсөөд дотогш алхтал “эрхлэгч” гэх нилээн нүүрэмгий, гал цогтой хүүхэн уулзлаа. Удсан ч үгүй нэг хаалганаас нүүрэндээ инээмсэглэл дүүрэн жаахан охин гарч ирлээ.Жаахан охинтой хэсэг ярилцсан чинь 3 хүүхдийн ээж, япон улсад сургууль төгссөн багш гэнэ. Ярианы өнгө төрх нь хүнтэй харьцах харилцаа нь яасан сайхан, гоё найрсаг юм бэ? Хэмээн ярилцах зуураа өөрийн эрхгүй бодож түүнд хөтлөгдлөө.

... Хачин юм шүү, сэтгэл минь “Бяцхан монгол” цэцэрлэг рүү татагдаад.
“Гоёуд” цэцэрлэгээс урваж ирээд хэдийнэ 5 намартай золгож. Ингэж л “Бяцхан монгол Дөрвөн улирлын” шинэ салбар цэцэрлэгийн бүлгийн багш болсон доо.
Нэгэн дурсамж: Шинэ цэцэрлэг нээгдэх дөхлөө, би бэлтгэл бүлгийн багшаар ажиллахаар болов.Гэтэл 2 настай Занабазар гэдэг хүүхдийн ээж өдөр бүр ярьж хүүхдээ таны л ангид оруулна гэх боллоо.Сүүлдээ цэцэрлэгийн эрхлэгч, захирал хоёр руу ч утасдах болов. Тэгсээр дахин нэг залгахад нь Д.Хишгээ захирал автал та нар яахав ээ, би хүүхдийнхээ багштай яръя гэж гэнэ. Захирал, эрхлэгч хоёр хоорондоо нилээд зөвлөлдөн надад бага бүлэг даалгахаар болсон. Ингээд намайг бэлтгэл бүлгээс бага бүлэг рүү буулгуулж багшлуулсан хүн бол Занабазар гэдэг инээд гэрэлтсэн хүү маань билээ. Шавь минь Шинэ монгол сургуулийн нэгдүгээр ангийн сурагч болоод багш шавийн барилдлагаа одоо ч үргэлжилж л явна, бид хоёр хувь тохиолоор учирсан хоёр гэлтэй.
Нэгэн дурсамж: Анх Д.Хишгээ захирал, за шинэ салбарынхаан явж цэцэрлэгээ үзэх үү гээд машиндаа суулган ирэхэд хотын агаарын сайхан орчныг биширсэн,цэцэрлэг рүүгээ дотогш ортол дөнгөж баригдаж байгаа барилга байсанд үнэхээр гайхаж,өөрийн эрхгүй яаж амжих юм болоо гэж бодож байж билээ.Шинэ цэцэрлэг төлөвлөсөн хугацаандаа 11 дүгээр сарын 6-нд амжаад орж байж билээ.
Нэгэн дурсамж: Нэг өдөр жижүүр багш хийж байтал нилээн намбалаг бас дэгжин бор бүсгүй орж ирээд захирал Э.Зулгэрэл, Д.Хишгээ хоёртой уулзаад явлаа.Манай ангийн багш гээд хоёр захирлын нүд, нүүр царай нь гэрэлтээд л хэлж билээ. Цэцэрлэгийнхэн бид эрхлэгчээ хүлээх янзтай, жижүүр багшийн ээлж надад ирсэн тэр өдөр нөгөө дэгжин бор бүсгүй ороод ирлээ, бүх албан хаагчдыг цуглуулаад “шинэ эрхлэгч” гэж танилцууллаа. Бидний хамт олон шинэ эрхлэгч Н.Болормаа багштайгаа уулзаж хүлээн авч байсан, үнэхээр л энэ хүнтэй учрах ёстой ерөөл гэж боддог. Н.Болормаа эрхлэгч багш маш хүлээцтэй аливаа зүйлийн голыг нь олчдог, хэлчдэг үнэхээр л нэг ээж хүндээ, хүн бүрт л тохиолдох жаргал зовлонг маш сайн ойлгоно.Солонгын өнгө шиг ааштай эмэгтэйчүүдийн өнгө будгийг нь тааруулан будна өнгө зөв тавина гэдэг мэдрэмж авъяас гэж боддог доо.
Нэгэн дурсамж: Цэцэрлэгийн тасралтгүй үргэлжлэх цаг хугацааг сонирхолтой болгож өөрийн мэдэх, чадах олон зүйлийг санаачлан ажилтнуудынхаа дунд зохион байгуулсан. Хамгийн анхны Валентины хайрын баяраар хүн бүрт баярын мэнд хүргээд аяганд шоколадан зүрхтэй вино өгсөн.Дараа нь эмэгтэйчүүдийн баяраар азын сугалаа явуулахад Д.Хишгээ захирал дэмжиж бүгдэд нь гоёсог түлхүүрийн оосор таарсан, надад 5 өрөө байртай болоорой, Чулуунчимэг багшид машинтай болоорой гэж ерөөж байсан. Хайрын баяр, Азын сугалааг жил бүр хоромхон хугацаанд тэмдэглэдэг уламжлал тогтсон.
Хоёр дах гэр болсон цэцэрлэгийн хаалгыг өглөө хамгийн түрүүнд нээж, орой хамгийн сүүлд нь хаадаг байлаа.
Нэгэн дурсамж дуусаагүй: Цэцэрлэгт ажилд орохоор ирж байсан би нөгөө хоёр жаахан охиноосоо мөн ч их зүйлийг сурчээ. Өнөөдөр ч би суралцаж дуусаагүй л байна,эрхэмсэг, ээлтэй сайхан, бяцхан цэцэрлэгээсээ ихийг сурч өөрийгөө хөгжүүлж суугаадаа багш миний сэтгэл үнэхээр таатай, татагдсаар байдаг билээ.
Ганаа багшийн маань сэтгэгдэл ...
Comentários