top of page

Бяцхан монгол цэцэрлэгийн 5 жилийн ойд ..

Updated: Sep 29, 2022

АСРАМЖИЙН ГАЗРААС ЭХЭЛСЭН НЭГЭН ТҮҮХ


Одоогоос олон жилийн өмнөх нэгэн түүхийг эргэн санах боломж өнөөдөр тохиож байгаад баяртай байна. Монголд үүдээ нээхээс нь өмнө сэтгэл зүрхээрээ хамт байсан Шинэ Монгол сургуульдаа би үргэлж очиж, хүүхдүүдэд хичээл зааж, яриа хийдэг. Хорь гаруй жилийн өмнөх тэр нэгэн өдөр яриа хийж байхдаа Шинэ Монгол Ахлах сургуулийн сурагчдаасаа “Өнөөгийн Монголд ямар асуудлууд байна вэ?” хэмээн асуухад, хэд хэдэн сурагч гараа өргөж өөрсдийн үзэл бодлоо хуваалцав. “За, тэгвэл тэр асуудлуудыг яаж шийдэх вэ?” гэж асуухад гараа өргөхөө больцгоож, бүгд бодож эхлэв. Тэдний бодлууд нь бүгд хүсэлд илүү ойр зүйлс байв. Би саяны асуултаа, “Одоогийн бидний чадах зүйл юу вэ? Ахлах ангийн сурагчид юу хийж чадах бол?” гэж өөрчлөөд дахин асуув. Гэтэл бүгд нухацтай нь аргагүй бодох ч, шийдвэрлэх санаанууд гарч ирэхгүй хэвээр л байв. Ийн миний хичээл өндөрлөсөн юм. Эх орон руугаа хариад хэсэг хугацаа өнгөрсний дараа хоёр сурагч надтай холбогдлоо. Тэд өнгөрсөн хугацаанд ахлах ангийн сурагч бид юу хийж чадах вэ гэх асуултыг өөрсдөөсөө дахин дахин асуусаар байжээ. “Бид хичээлдээ дуртай, бас зааж ч чадна. Тэгвэл сурахыг хүсч байгаа хүүхдүүдэд хичээл зааж болох юм байна!” хэмээн бодсоор, нэгэн асрамжийн газарт очжээ.

Тэгээд тэр асрамжийн газартаа дугуйлан нээх төлөвлөгөө боловсруулж надад “Төслийн загвар”-аа илгээж захидал бичсэн юм. Тэр сурагчид бол Э.Зулгэрэл, Д.Хишгээ хоёр байсан юм. Хичээл дээр яригдаад өнгөрсөн асуултыг орхилгүй эрэлхийлсээр байсан тэдний дүрэлзэн асах хүсэл зоригт машид ихээр сэтгэл хөдөлж, өөрийн ажилладаг байгууллагаасаа тусламж хүсэв. Ашгүй, тэрхүү “Ахлах ангийн хүүхдүүдийн төсөл”-д бүх ажилчид санаа нэгдэж, туслахаар болов. Ахлах ангийн хоёр охины хүсэл тэмүүллийг өнөөдөр ч тодхон харж болно. Шинэ Монгол дугуйлангийн туршлага одоогийн “Бяцхан Монгол” цэцэрлэгт өвлөгдөн үргэлжилж байгааг би харж байна. Одоогоор корона вирусийн нөлөөгөөр, өөрийн биеэр Монголд очих боломжгүй байгаа ч, Монголд очих үедээ заавал “Бяцхан Монгол” цэцэрлэгээр зочилж, багш ажилчидтай уулзан хамт цагийг өнгөрөөж, зүрх сэтгэлээрээ холбогддог. Хүүхдийг гэсэн, хүүхдийн ирээдүйг гэсэн сэтгэл төдийгүй бүр Монголын ирээдүйг ч харж байгаа нь мэдрэгддэг. Хүүхэд гэдэг бол хойч үеийг авч явах маш нандин хүний нөөц бөгөөд, ирээдүйг бүтээх дэлхийн эсийн нэгэн молекул мөн. Тийм ч учир, зөвхөн эцэг эхчүүдэд ч бус, томчууд бид бүгдэд чухлаас чухал оршихуй мөн ба нандигнан хайрлаж өсгөх ёстой оршихуй билээ. Би олон төрлийн тусгай хэрэгцээт хүүхдийн асрамжийн газарт ажилладаг. Ярьж чаддаггүй хүүхдүүд хоолойгоороо ярилцах боломжгүй, ярьж чадсан ч, харилцан яриа бус, зөвхөн нэг талын яриа болох үе ч бий. Үг хэлний оронд, хашхирах, орилохоос гадна, цохих маажих, хазах зэрэг үйл хөдлөлөөр өөрийгөө илэрхийлдэг хүүхдүүд ч байдаг. Яаж харилцах, юу хийвэл хамгийн сайн шийд болох талаар би өдөр бүр боддог. Гэхдээ ингэж өдөр бүр бодож, санаа зовниж яваагаа өөрийнхөө давчуухан харах өнцөг болон сэтгэлгээгээ нээхийн тулд хийж буй зүйл гэж бодон, шантарсан ч дахин босч, алдаж оносоор туршлага хуримтлуулж байна. Багш бид тэднийг хөгжүүлж сургахаас гадна тэд ч биднийг өдөр бүр хурцалж, сургаж бас хүмүүжүүлж хөгжүүлж байдаг. Асуултын хариуг үлдээлгүй араас минь нэхэл болгож төслөө ирүүлсэн монгол охидтой танилцсанаас хойш өнөөг хүртэл хорь гаруй жилийн хугацаанд туршлага маань ч улам зузаарлаа. Энэ бүхэн маань хэзээ нэгэн цагт Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнд хэрэг болно гэж итгэдэг. Та бүгд хүлээж байгаарай. Олон жилийн харилцаатай ахлах ангийн охидынхоо үүсгэн байгуулсан цэцэрлэгийн 5 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье! Өдийг хүртэлх он жилүүдээ эргэн харж, юуг чадаж, юуг чадаагүйгээ бодоод, цаашдын 5 жилээ бодож чадвал илүү амжилт бүтээлээр дүүрэн 10 дахь жилээ угтана гэж итгэж байна. Бяцхан Монгол Цэцэрлэгт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе! Номын цагаан буян түгэн дэлгэрэг!

Токио хот Сайтама 2021.10.31

Мүраками Тэцүяа

3 views0 comments

Commentaires


bottom of page